Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 13:20-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тахилч түүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ бол хатигны ормонд гарсан арьсны халдварт өвчин юм.

21. Харин хэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсны доор биш, хатсан байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино.

22. Харин энэ нь арьсан дээгүүр цааш тархсан байвал тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь халдвартай болой.

23. Хэрэв тод толбо байрандаа үлдэн, тархаагүй байвал энэ нь зөвхөн хатигны сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

24. Бие галд түлэгдэх тохиолдолд хэрэв түлэнхийний шарх нь тод цайвар ягаан, эсвэл цагаан толбо байвал

25. тахилч түүнийг үзээд хэрэв арьснаас гүн харагдан, толбон дээрх үс нь цайсан байх аваас энэ нь түлэгдэлт дээр гарсан арьсны халдварт өвчин болой. Тиймээс тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

26. Харин хэрэв тахилч түүнийг үзэхэд, арьснаас гүн биш, харин бүдгэрсэн байгаад, толбон дээр ямар ч цагаан үс байхгүй байвал, тахилч тэр хүнийг долоо хоногоор хөл хорино.

27. Тахилч түүнийг долоо дахь өдөр нь үзээд арьсан дээр цааш тархсан байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

28. Гэвч толбо байрандаа үлдэн, арьсан дээгүүр тархалгүй, бүдгэрсэн байх тохиолдолд энэ нь түлэгдэлтийн хавдар болой. Энэ нь зөвхөн түлэгдэлтийн сорви учир тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

29. Хэрэв эр эсвэл эм хүн толгой юм уу сахалдаа үрэвсэлтэй байх аваас

30. тахилч уг үрэвслийг үзээд арьснаас гүн харагдан, түүн дээр нарийхан шаравтар үс байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь хамуу бөгөөд толгой буюу сахлан дээрх арьсны халдварт өвчин болой.

31. Гэвч хэрэв тахилчийг хамууны халдварыг үзэхэд, үнэхээр арьснаас гүн харагдахгүй байгаад, түүн дээр ямар ч хар үс байхгүй байвал тахилч хамууны халдвартай хүнийг долоо хоногоор хөл хорино.

32. Долоо дахь өдөр нь тахилч халдварыг үзээд арьснаас гүн биш бөгөөд цааш тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй байх аваас

33. тэр хүн нь уг үрэвссэн газрыг хусалгүйгээр, үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино.

бүрэн бүлгийг уншина уу Левит 13