Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 11:22-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэдгээрээс та нар царцаан төрлүүд, сүйтгэгч царцаан төрлүүд, хүрэлзгэний төрлүүд, дэвхрэгийн төрлүүдийг идэж болно.

23. Харин бусад дөрвөн хөлт, далавчит шавьж бүхэн нь та нарт жигшүүрт зүйл юм.

24. Үүнээс гадна, эдгээрээр та нар бузартах юм. Тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.

25. Тэдгээрийн хүүрээс аль нэгийг нь дээш авсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.

26. Ац туурайтан боловч туурай нь салгагдаагүй, эсвэл сэвсээ хивдэггүй бүх амьтдын тухайд, тэдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрт хүрсэн хэн боловч бузартсан болно.

27. Бас дөрвөн хөлөөрөө явдаг, бүх амьтдын дундаас тавхайгаараа явдаг бүхэн нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.

28. Тэдгээрийн хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэдгээр нь та нарт бузар ажгуу.

29. Газар дээр мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар болой. Эдгээр нь сохор номин, хулгана ба том гүрвэлийн төрлүүд,

30. өмхий хүрэн, матар, гүрвэл, элсний хэвлээр явагч, хамелеон ажгуу.

31. Бүх мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн үхсэн биед хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.

32. Мөн тэдгээрийн аль нэгний үхсэн бие нь модон эдлэл, эсвэл хувцас хунар, эсвэл арьс, эсвэл уут хүүдий зэрэг хэрэглэгддэг аливаа зүйлс дээр унах аваас эдгээр нь бузартсан болно. Энэ нь усанд хийгдэх ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэгээд энэ нь цэвэр болно.

33. Мөн тэдгээрийн аль нэгэн нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл нь бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой.

34. Тийм саванд байсан идэж болох аливаа шингэн хоол нь бузартсан болно. Тийм саван дахь ууж болох аливаа шингэн нь бузартсан болно.

35. Аливаа зүйлийн дээр тэдгээрийн хүүрийн ямар нэг хэсэг нь унавал тэр нь бузартсан болно. Ийм тохиолдолд пийшин эсвэл зуух нь хэмхлэгдэх ёстой. Тэдгээр нь бузартсан бөгөөд та нарт бузар хэвээр үлдэнэ.

36. Хэдийгээр тэдгээр амьтдын хүүрт хүрсэн нэгэн нь бузартдаг боловч булаг буюу ус хадгалах нөөцлүүр нь цэвэр хэвээр байх юм.

37. Хэрэв тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь тариалалтанд зориулсан аливаа үрэн дээр унах аваас тэр нь цэвэр хэвээр байна.

38. Харин үрэн дээр ус хийгдсэн байгаад, тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь түүн дээр унах аваас энэ нь та нарт бузар болно.

39. Мөн хэрэв та нарт идэш болох амьтдын нэг нь үхэх тохиолдолд түүний хүүрт хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан болно.

бүрэн бүлгийг уншина уу Левит 11