Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 9:9-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгэхэд хүмүүс “Өвөг дээдсийг нь Египет газраас чөлөөлсөн Бурхан ЭЗЭНийг Израилийн ард түмэн умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлнэ хэмээн айлдав.

10. Соломон ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн барилгыг хоёуланг нь барьсан хорин жилийн төгсгөлд

11. (Тирийн Хирам хаан Соломоны хүссэн ёсоор хуш ба нарсан дүнз, алт зэргийг Соломонд нийлүүлж байсан юм) Соломон хаан Хирамд Галилын нутагт хорин хот өгчээ.

12. Соломоны өөрт нь өгсөн хотуудыг үзэн сонирхохоор Хирам Тирээс ирж, тэдгээр хотууд сэтгэлд нь нийцээгүй юм.

13. Тэрээр—Миний дүү, чиний надад өгсөн энэ хотууд ердөө л ийм үү? гэж асуув. Өнөө хүртэл тэдгээрийг Кабулын газар гэж нэрлэдэг болжээ.

14. Ингээд Хирам Соломон хаанд зуун хорин талант алт илгээсэн билээ.

15. ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.

16. (Египетийн хаан Фараон өгсөн явж Гезерийг эзлэн авч, галдан шатааж, уг хотод амьдарч байсан канаанчуудыг хүйс тэмтрэн, уг хотыг Соломоны эхнэр болсон охиндоо хуримын инж болгон өгсөн ажээ.

17. Соломон Гезер болон доод Бет-хороныг сэргээн босгож,

18. мөн Баалатыг, Иуда газрын элсэн цөл дэх Тамарыг,

19. мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгтэнгүүдэд болон морьтон цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, ер нь өөрийнх нь харьяа бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.

20. Израиль хөвгүүд бус, харин аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн хүмүүсийн хувьд гэвэл,

21. Израилийн хөвгүүдийг бүрэн устгаж чадаагүй бөгөөд тэр нутагт үлдээсэн дээрх хүмүүсийн үр хүүхдүүдээс Соломон өнөөг хүртэл албадан ажилчдыг авсаар ирсэн юм.

22. Харин Соломон Израилийн хөвгүүдээс боолчлоогүй. Тэдгээр нь дайчид ба түүний түшмэд, ноёд, цэргийн жанжид, тэрэг хариуцсан алба хаагчид болон, морьтонгууд байсан.

23. Эдгээр хүмүүс Соломоны ажлыг хариуцсан бөгөөд таван зуун тавин захирагчид байдаг байв. Тэд ажил гүйцэтгэж буй хүмүүсийг хянадаг байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 9