Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 9:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Соломон ЭЗЭНий өргөө, хааны гэр болон хийе хэмээсэн бүхнээ босгон барьж гүйцээсэнд,

2. ЭЗЭН Гибеон ууланд үзэгдсэн шигээ хоёр дахь удаагаа Соломонд үзэгдэв.

3. ЭЗЭН түүнд—Миний өмнө хийсэн чиний залбирал ба хүсэлтийг Би сонслоо. Миний нэрийг энд үүрд мөнхөд тавьснаар чиний барьсан энэ өргөөг Би ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.

4. Чиний хувьд гэвэл, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ буюу шударга сэтгэлээр ба зөвт байдлаар явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн, Миний тогтоол заавруудыг сахивал,

5. Би чиний эцэг Давидад амлан, “Израилийн сэнтийд залрах хүн чамд тасрахгүй” гэж айлдсан ёсоор Израилийг захирах чиний сэнтийг Би мөнхөд тогтоож өгнө.

6. Гэвч хэрэв чи болон хөвгүүд чинь Намайг дагахаас үнэхээр татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал зарлигуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл,

7. Би тэдэнд өгсөн газар нутгаас, Өөрийн нэрийн төлөө ариусган тусгаарласан өргөөнөөс Израилийг таслан хаяж, мэлмийнээсээ зайлуулна. Израиль бүх ард түмнүүдийн дунд сургамж жишээ болно.

8. Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж харуусах болно.

9. Тэгэхэд хүмүүс “Өвөг дээдсийг нь Египет газраас чөлөөлсөн Бурхан ЭЗЭНийг Израилийн ард түмэн умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлнэ хэмээн айлдав.

10. Соломон ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн барилгыг хоёуланг нь барьсан хорин жилийн төгсгөлд

11. (Тирийн Хирам хаан Соломоны хүссэн ёсоор хуш ба нарсан дүнз, алт зэргийг Соломонд нийлүүлж байсан юм) Соломон хаан Хирамд Галилын нутагт хорин хот өгчээ.

12. Соломоны өөрт нь өгсөн хотуудыг үзэн сонирхохоор Хирам Тирээс ирж, тэдгээр хотууд сэтгэлд нь нийцээгүй юм.

13. Тэрээр—Миний дүү, чиний надад өгсөн энэ хотууд ердөө л ийм үү? гэж асуув. Өнөө хүртэл тэдгээрийг Кабулын газар гэж нэрлэдэг болжээ.

14. Ингээд Хирам Соломон хаанд зуун хорин талант алт илгээсэн билээ.

15. ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 9