Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 8:23-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Дээд тэнгэр ба доод газарт Тантай адил Бурхан үгүй билээ. Бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхагч боолууддаа Та хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг билээ.

24. Та Өөрийн боол, миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаар хэлсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг Өөрийнхөө мутраар хэлснээ биелүүллээ.

25. Тийм учраас одоо, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн боол, миний эцэг Давидад “Харин Миний өмнө явсан замыг чинь чиний хөвгүүд дагахдаа анхааралтай байж амьдрах аваас, Израилийн сэнтийд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.

26. Тиймээс одоо Израилийн Бурхан минь ээ, Та Өөрийн боол, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч гэж би залбирч байна.

27. Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!

28. Гэсэн ч Миний Бурхан ЭЗЭН минь ээ, Та боолынхоо өргөж буй залбирал, хүсэлтийг анхааран, өнөөдөр боол тань Таныхаа өмнө хашхирч залбирсан энэ залбирлыг сонсооч.

29. Энэ газраас залбирах боолынхоо гуйлтыг сонсохын тулд таны “Миний нэр тэнд байх болно” гэж айлдсан тэр газар уруу, Таны хараа өдөр ч, шөнө ч өргөө дээр тусах болтугай.

30. Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч.

31. Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдэж, тангараг тавих болоод энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглавал,

32. Та тэнгэрээс сонсон үйлдээч. Боолуудаа шүүж, хар санаатны арга замыг өөрийнх нь толгой дээр буулгаж, зөв шударга хүнд зөвийнх нь дагуу өгснөөрөө зөвтгөн болгооно уу.

33. Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдах үед, хэрэв тэд Тань уруу дахин эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбиран энэ өргөөнд Танд хандан хүсэлт гаргавал,

34. Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, өвөг дээдэст нь Таны өгсөн газар уруу, тэднийг буцаан ирүүлж өгөөрэй.

35. Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болоход тэд энэ газар уруу чиглэн залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэвэл,

36. Та тэнгэрээс сонсон, Өөрийн боолууд болон Өөрийн ард түмэн Израилийн гэмийг уучилж, тэдний амьдран явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн Өөрийн газартаа дахин хур бороог буулган өгөөрэй.

37. Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед,

38. хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө уруу сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг

39. Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 8