Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 8:20-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. ЭЗЭН Өөрийн хэлсэн үгээ сая биелүүллээ. Учир нь ЭЗЭНий амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч, Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барьж босголоо.

21. ЭЗЭН бидний өвөг дээдсийг Египет газраас удирдан гаргахдаа тэдэнтэй байгуулсан гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ хэмээлээ.

22. Түүний дараа Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж,—

23. Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Дээд тэнгэр ба доод газарт Тантай адил Бурхан үгүй билээ. Бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхагч боолууддаа Та хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг билээ.

24. Та Өөрийн боол, миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаар хэлсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг Өөрийнхөө мутраар хэлснээ биелүүллээ.

25. Тийм учраас одоо, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн боол, миний эцэг Давидад “Харин Миний өмнө явсан замыг чинь чиний хөвгүүд дагахдаа анхааралтай байж амьдрах аваас, Израилийн сэнтийд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.

26. Тиймээс одоо Израилийн Бурхан минь ээ, Та Өөрийн боол, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч гэж би залбирч байна.

27. Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!

28. Гэсэн ч Миний Бурхан ЭЗЭН минь ээ, Та боолынхоо өргөж буй залбирал, хүсэлтийг анхааран, өнөөдөр боол тань Таныхаа өмнө хашхирч залбирсан энэ залбирлыг сонсооч.

29. Энэ газраас залбирах боолынхоо гуйлтыг сонсохын тулд таны “Миний нэр тэнд байх болно” гэж айлдсан тэр газар уруу, Таны хараа өдөр ч, шөнө ч өргөө дээр тусах болтугай.

30. Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч.

31. Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдэж, тангараг тавих болоод энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглавал,

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 8