Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 7:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Дараа нь Соломон мөн тавин тохой урт, гучин тохой өргөн баганат танхимыг байгуулсан бөгөөд уг танхимын өмнө талд үүдний танхим, багананууд ба босго байрлаж байлаа.

7. Тэрээр хүмүүсийг шүүхийн тулд сэнтийт танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг нь бүхэлд нь хуш модоор доторлов.

8. Соломоны амьдрах гэр нь танхимаас дотогш хашаанд байсан бөгөөд хэлбэр нь бусад барилгуудынхтай адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэ танхимтай адил гэрийг барьж өгчээ.

9. Эдгээр бүх барилгууд хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. Барилгын сууриас орой хүртэл гадна ба дотор талдаа, тийм чулуунаас бүтсэн бөгөөд гаднах том хашаа хүртэл тийм чулуугаар хийгджээ.

10. Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа.

11. Дээр нь хэмжүүрээр зассан үнэт чулуу болон хуш өржээ.

12. ЭЗЭНий өргөөний дотоод хашаа болон өргөөний үүдний танхим шиг гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.

13. Соломон хаан хүн илгээн, Тирээс Хирамыг дуудаж авчрууллаа.

14. Тэрээр Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү байсан бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр мэргэн ухаан, ойлголтоор болоод хүрлээр аливаа зүйлийг хийх чадвараар дүүрэн байлаа. Ингээд тэрээр Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ.

15. Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд эдгээрийн өндөр нь арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа.

16. Тэдгээрийн оройд тавих хос баганын толгойг хүрэл цутган бүтээжээ. Нэг баганын толгой таван тохой, нөгөө нь ч таван тохой өндөр байв.

17. Баганын оройд тогтоосон баганын толгойг чимэглэхийн тулд хавтгай торон унжлага бас гинжин хэлбэрт цагиргийг тус бүрд нь долоон ширхгийг урласан байна.

18. Хирам баганануудыг хийж, баганын оройд хийх баганын толгойг чимэглэсэн. Хүрэл анар хийж, нэг торон дээр хоёр эгнээ анаруудыг тойруулан баганын толгойг чимэглэжээ. Нөгөө баганын оройг ч ингэж чимэглэсэн байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 7