Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 7:38-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Хирам тавиур бүрд нэгийг буюу нийт арван тогоог хүрлээр хийсэн бөгөөд тогоо тус бүр дөчин бат усны багтаамжтай байв. Тогоо бүр дөрвөн тохой хэмжээтэй байв.

39. Дараа нь тавиуруудын тавыг дуганы баруун талд, тавыг дуганы зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу урд зүг уруу чиглүүлэн дорно зүгт байрлуулсан юм.

40. Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам дуусгажээ.

41. Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр толгой, оройд нь суулгасан толгойнуудыг чимэглэхээр зүүсэн хоёр унжлага,

42. баганын оройн толгой дахь унжлагад чимэг болгон хоёр эгнээгээр суулгаж өгсөн дөрвөн зуун сэмбэрүү,

43. арван тавиур, тавиур дээр тавих арван угаалгын сав,

44. нэг тэнгис болон тэнгисийн доорх арван хоёр үхрийг,

45. сав суулга, утгуур, хул аяга гэх мэт Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөн доторх энэ бүх хэрэгсэл өнгөлсөн хүрлээр хийсэн байв.

46. Хаан эдгээрийг Суккот ба Заретаны хооронд байх шавартай хөрсөнд, Иорданы хөндийд цутгаж хийжээ.

47. Соломон эдгээр бүх хэрэглэлийг хэмжээгүй орхисны учир нь хүрлийн жинг тооцоолохын аргагүй асар их хэрэгсэл байснаас юм.

48. Соломон ЭЗЭНий өргөөнд байсан бүх эдлэлийг хийсэн билээ. Үүнд алтан тахилын ширээ ба Оршихуйн талх тавьдаг алтан ширээ,

49. дотоод ариун газрын өмнүүр байх зүүн баруун талд нь тав таваар байрлуулсан шижир алтан дэнлүүний сууриуд, алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд,

50. шижир алтан аяга, чимхүүр, хул аяганууд, бойпор болон галын хорго, хамгийн дотоод өргөө буюу хамгийн ариун газар болон өргөө буюу гол танхимын хаалганд алтан нугас зэрэг болно.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 7