Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 3:4-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хаан хамгийн том мөргөлийн өндөрлөг болох Гибеон уруу өргөл өргөхөөр зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөв.

5. Гибеонд байхад нь нэгэн шөнө ЭЗЭН зүүдэнд нь Соломонд үзэгдэж—Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун хэмээн Бурхан айлдав.

6. Тэгэхэд Соломон—Та Өөрийн боол, миний эцэг Давидыг Таны өмнө үнэн, зөв шударга Тан уруу хандсан цэх шулуун сэтгэлээр явж байхад түүнд энэрлийг үзүүлсэн юм. Мөн Та энэ өдөр байгаагийн адил сэнтийд нь залрах хүүг түүнд өгснөөрөө энэ агуу хайр энэрлээ түүнд хадгалсан билээ.

7. Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр Та Өөрийн боол намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон боловч би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ.

8. Таны боол би тоолж бүртгэж чадахааргүй агуу их, Таны сонгосон ард түмний төвд байна.

9. Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.

10. Соломон энэ зүйлийг гуйсанд ЭЗЭНий мэлмийд таашаагдав.

11. Тиймээс Бурхан түүнд—Чи энэ зүйлийг гуйж, өөртөө урт нас, баялаг болон дайснуудынхаа үхлийг гуйлгүй, харин үнэн зөвийг ухааран ялгах чадварыг өөртөө гуйсан тул

12. харагтун, Би чиний хүссэний дагуу үйлдлээ. Харагтун, би чамд мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй бөгөөд чиний дараа ч чамтай адил хүн гарч ирэхгүй юм.

13. Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг ч чамд өгсөн. Чиний бүх өдрүүдийн туршид хаадын дунд чамтай адил хүн байхгүй болно.

14. Хэрэв чи эцэг Давид шигээ Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал, Би чиний амьдралыг уртасгана гэж айлдлаа.

15. Тэгэхэд Соломон сэрээд хартал, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимдаа ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөн, бүх түшмэддээ зориулан найр хийжээ.

16. Үүний дараа, янхан байсан хоёр эмэгтэй хаан уруу ирэн, түүний өмнө зогсов.

17. Нэг эмэгтэй нь—Эзэн минь, энэ эмэгтэй бид хоёр нэг гэрт амьдардаг юм. Энэ эмэгтэй гэр дотор байхад би хүүхэд төрүүлсэн билээ.

18. Намайг хүүхэд төрүүлснээс хойш гурван өдрийн дараа энэ эмэгтэй ч бас хүүхэд төрүүлээд, бид хамт байсан. Гэрт биднээс гадна өөр хүн байгаагүй, зөвхөн бид хоёр л гэрт байв.

19. Энэ эмэгтэй унтаж байхдаа хүүхдээ няц дарснаас, хүүхэд нь шөнө нас барсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 3