Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 3:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Соломон гэрлэлтээр дамжуулан Египетийн хаан Фараонтай холбоо тогтоож, охиныг нь авав. Тэрээр өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалим хотын хэрмийг бүхэлд нь барьж дуусгах хүртлээ хатнаа Давидын хотод байлгав.

2. Тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.

3. Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөл өргөн, утлага шатаадаг байжээ.

4. Хаан хамгийн том мөргөлийн өндөрлөг болох Гибеон уруу өргөл өргөхөөр зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөв.

5. Гибеонд байхад нь нэгэн шөнө ЭЗЭН зүүдэнд нь Соломонд үзэгдэж—Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун хэмээн Бурхан айлдав.

6. Тэгэхэд Соломон—Та Өөрийн боол, миний эцэг Давидыг Таны өмнө үнэн, зөв шударга Тан уруу хандсан цэх шулуун сэтгэлээр явж байхад түүнд энэрлийг үзүүлсэн юм. Мөн Та энэ өдөр байгаагийн адил сэнтийд нь залрах хүүг түүнд өгснөөрөө энэ агуу хайр энэрлээ түүнд хадгалсан билээ.

7. Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр Та Өөрийн боол намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон боловч би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ.

8. Таны боол би тоолж бүртгэж чадахааргүй агуу их, Таны сонгосон ард түмний төвд байна.

9. Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.

10. Соломон энэ зүйлийг гуйсанд ЭЗЭНий мэлмийд таашаагдав.

11. Тиймээс Бурхан түүнд—Чи энэ зүйлийг гуйж, өөртөө урт нас, баялаг болон дайснуудынхаа үхлийг гуйлгүй, харин үнэн зөвийг ухааран ялгах чадварыг өөртөө гуйсан тул

12. харагтун, Би чиний хүссэний дагуу үйлдлээ. Харагтун, би чамд мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй бөгөөд чиний дараа ч чамтай адил хүн гарч ирэхгүй юм.

13. Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг ч чамд өгсөн. Чиний бүх өдрүүдийн туршид хаадын дунд чамтай адил хүн байхгүй болно.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 3