Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 21:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ.

2. Ахаб Наботад хандан—Таны усан үзмийн цэцэрлэг миний гэртэй ойр тул түүнийг надад өгөөч. Би түүнийг ногооны тариалан болгох гэсэн юм. Би чамд энэ усан үзмийн цэцэрлэгээс илүү сайхныг өгье. Та хүсэж байвал түүний өртгийг мөнгөөр ч төлж болно гэв.

3. Гэвч Набот Ахабт—Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв.

4. “Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уцаарлан орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан хоол ч идсэнгүй.

5. Харин түүний эхнэр Иезебел түүн уруу ирээд,—Юунд чиний сэтгэл дүнсийгээд, чи хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ.

6. Хаан түүнд—Би иезреел хүн Наботтай ярилцаж, түүнд “Усан үзмийн цэцэрлэгээ надад мөнгөөр худалдаач. Эсвэл чамд таалагдвал оронд нь би чамд өөр усан үзмийн цэцэрлэг өгье” гэсэн боловч тэрээр “Би чамд усан үзмийн цэцэрлэгээ өгөхгүй” гэв гэж хариулав.

7. Түүний эхнэр Иезебел түүнд—Чи одоо Израилийг захирч байгаа юм биш үү? Бос, талх ид, зүрх сэтгэлээ баясга. Иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг би чамд авч өгөх болно гэж хэлэв.

8. Иезебел Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.

9. Тэрээр захидлууд дотроо ингэж бичсэн байлаа. “Мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулга.

10. Түүний хажууд хоёр үл бүтэх хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг болон хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.

11. Түүний хотын хүмүүс болох ахмадууд ба язгууртнууд Иезебелийн өөрсдөд нь илгээсэн үгийн дагуу буюу түүний захианд бичсэний дагуу үйлджээ.

12. Тэд мацаг барих өдрийг тунхаглан, Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав.

13. Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж,—Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.

14. Ингээд тэд—Набот уруу чулуу шидэж алжээ хэмээх үгийг Иезебелд илгээжээ.

15. Набот чулуугаар шидүүлэн алуулсан гэдгийг Иезебел сонсоод Ахабт хандан—Босогтун. Иезреел хүн Наботын мөнгөөр өгөхөөс татгалзаад байсан усан үзмийн цэцэрлэгийг өмчлөн аваарай. Учир нь Набот амьд биш, үхсэн билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 21