Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 20:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Израилийн хаан хариу үг илгээн—Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.

5. Тэгэхэд элч нар Ахаб уруу буцаж ирэн,—Бен-хадад ийнхүү хэлж байна. “Өмнө нь би чамд «Чи надад алт, мөнгө, эхнэр, хүүхдүүдээ өг» гэсэн үг илгээсэн билээ.

6. Харин маргааш яг энэ цагийн орчимд би өөрийн түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд авч явах болно” гэв.

7. Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг цуглуулан,—Энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач? Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхдийг болон алт мөнгийг авахыг хүсэхэд би татгалзсангүй гэжээ.

8. Бүх ахмадуудад болон бүх хүмүүс Ахабт—Түүнийг бүү сонс, түүнд бүү зөвшөөр гэлцэв.

9. Ахаб Бен-хададын элч нарт—Хаан эзэнд минь “Зарцдаа илгээсэн таны анхны бүх шаардлагыг би зөвшөөрөх болно. Харин энэ удаагийн шаардлагыг би биелүүлж чадахгүй” гэж дамжуул гэв. Элч нар явцгааж, Бен-хададад үүнийг сонордуулав.

10. Бен-хадад Ахаб уруу элч нарыг явуулан,—Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар оногдох шороо Самарид үлдэх аваас бурхад минь намайг цээрлүүлэг. Бүр илүү гай гамшиг учруулах болтугай гэж хэлүүлэв.

11. Израилийн хаан хариулахдаа—Хаандаа “Хуяг дуулгаа өмсөж буй хүн хуяг дуулгаа тайлж буй хүн шиг бүү сайрхаг” гэж хэл гэв.

12. Бен-хадад бусад хаадын хамт цацартаа архидан байх үедээ энэ үгийг сонсмогц түшмэддээ—Тулалдаанд бэлтгэцгээ гэж тушаав. Ингээд тэд хотын эсрэг довтлоход бэлтгэцгээлээ.

13. Тэр үед нэгэн эш үзүүлэгч Израилийн хаан Ахабт ирэн,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Миний ЭЗЭН мөн болохыг мэднэ” хэмээв гэж хэлэв.

14. Ахаб—Хэнээр үүнийг хийлгэх вэ? гэсэнд эш үзүүлэгч—ЭЗЭН ийн айлдаж байна. “Мужуудын захирагчдын дундах залуусаар үүнийг хийлгэнэ” хэмээв гэж хариулав. Тэгэхэд Ахаб—Хэн тулааныг эхлүүлэх вэ? гэсэнд эш үзүүлэгч—Та гэж хариулав.

15. Ингээд Ахаб мужуудын захирагчдын дундаас залуусыг цуглуулахад хоёр зуун гучин хоёр хүн байв. Тэдний дараа тэрээр бүх хүмүүсийг буюу Израилийн бүх хөвгүүдийг цуглуулахад долоон мянган хүн байв.

16. Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.

17. Мужуудын захирагчдын дундах залуу тэргүүлэн хөдлөв. Бен-хадад туршуулуудыг илгээхэд тэд—Самариас хүмүүс гарч, ирж байна гэж мэдэгджээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 20