Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 20:30-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.

31. Түшмэд нь түүнд—Харагтун. Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад, Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж зөвлөв.

32. Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд хүрч очоод,—Таны боол Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” хэмээн гуйж байна гэв. Ахаб хаан—Тэр одоог хүртэл амьд байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв.

33. Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн, даруй үгийг нь өлгөн авч,—Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан—Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд, хаан түүнийг морин тэргэндээ суулгалаа.

34. Бен-хадад түүнд—Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай хэмээв. Ахаб—Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.

35. Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр—Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.

36. Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд—Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салан явах үедээ чи арсланд бариулан алуулна гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л арслан гарч ирээд түүнийг барьж алжээ.

37. Дараа нь өнөөх эш үзүүлэгч өөр нэг хүнийг олоод,—Намайг цохиоч гэж гуйсанд нөгөө хүн эш үзүүлэгчийг цохин шархдуулав.

38. Эш үзүүлэгч тэндээс холдож, нүднийхээ дээгүүр боолт ороон зүсээ хувиргаад, замын хажууд хааныг хүлээн зогсов.

39. Хаан хажуугаар өнгөрөх үед, тэрээр хааныг дуудан хашхирч—Таны боол би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай. Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно, эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ.

40. Таны боол энд ч, тэнд ч ажиллаад завгүй байх үед өнөөх хүн зугтаж одсон юм гэв. Израилийн хаан түүнд—Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл ийнхүү байх болтугай гэв.

41. Тэгтэл эш үзүүлэгч нүднээсээ боолтыг мултлан авахад Израилийн хаан түүнийг эш үзүүлэгчдийн нэг болохыг нь танилаа.

42. Тэрээр хаанд—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” хэмээсэн гэлээ.

43. Израилийн хаан дүнсгэр царайлан, уцаартайгаар гэр уруугаа явж, Самарид ирлээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 20