Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 20:30-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.

31. Түшмэд нь түүнд—Харагтун. Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад, Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж зөвлөв.

32. Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд хүрч очоод,—Таны боол Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” хэмээн гуйж байна гэв. Ахаб хаан—Тэр одоог хүртэл амьд байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв.

33. Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн, даруй үгийг нь өлгөн авч,—Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан—Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд, хаан түүнийг морин тэргэндээ суулгалаа.

34. Бен-хадад түүнд—Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай хэмээв. Ахаб—Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.

35. Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр—Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.

36. Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд—Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салан явах үедээ чи арсланд бариулан алуулна гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л арслан гарч ирээд түүнийг барьж алжээ.

37. Дараа нь өнөөх эш үзүүлэгч өөр нэг хүнийг олоод,—Намайг цохиоч гэж гуйсанд нөгөө хүн эш үзүүлэгчийг цохин шархдуулав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 20