Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 20:21-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Израилийн хаан довтолж морьд болон тэрэгнүүдийг цохисон бөгөөд арамейчуудыг үй олноор устгав.

22. Тэгэхэд эш үзүүлэгч Израилийн хаанд ойртон ирж, түүнд—Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.

23. Арамын хааны түшмэд хаандаа—Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно.

24. Үүнийг хийгтүн. Бүх хаадыг тушаалаас нь буулган, оронд нь өөр ахмадуудыг тавь.

25. Алдсан цэргээ, морийг мориор, тэргийг тэргээр нь нөхөж цуглуул. Тэгээд израильчуудтай тал газарт тулалдах бөгөөд бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно гэв. Хаан тэднийг сонсож, тийнхүү хийв.

26. Дараагийн жилийн эхэнд Бен-хадад арамейчуудыг цуглуулан, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.

27. Израилийн хөвгүүд ч цугларан, хоол хүнсээр хангуулан, тэдэнтэй уулзахаар явлаа. Израилийн хөвгүүд тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг хуарагнав. Харин арамейчууд тал газрыг дүүргэсэн.

28. Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан—ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамейчууд «ЭЗЭН бол уулын бурхан болохоос тал газрын бурхан биш» гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” хэмээв гэж хэллээ.

29. Долоо хоногийн турш тэд бие биенийхээ эсрэг хуарагнан байв. Долоо дахь өдөр тулалдаан эхэлж Израилийн хөвгүүд нэг өдрийн дотор арамейчуудаас зуун мянган явган цэргийг устгалаа.

30. Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.

31. Түшмэд нь түүнд—Харагтун. Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад, Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж зөвлөв.

32. Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд хүрч очоод,—Таны боол Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” хэмээн гуйж байна гэв. Ахаб хаан—Тэр одоог хүртэл амьд байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв.

33. Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн, даруй үгийг нь өлгөн авч,—Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан—Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд, хаан түүнийг морин тэргэндээ суулгалаа.

34. Бен-хадад түүнд—Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай хэмээв. Ахаб—Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.

35. Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр—Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.

36. Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд—Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салан явах үедээ чи арсланд бариулан алуулна гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л арслан гарч ирээд түүнийг барьж алжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 20