Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 2:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүсийн дунд байлга. Учир нь намайг чиний ах Абсаломаас зугтаж байсан үед тэд надад тусалсан юм.

8. Харагтун, Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай хамт байна. Намайг Маханаим уруу явдаг өдөр тэр намайг хараасан боловч тэрээр Иордан гол дээр над уруу ирэх үед нь би түүнд ЭЗЭНээр тангараглан “Би чамайг сэлмээр хороохгүй” гэж хэлсэн юм.

9. Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Чи түүний буурал үсийг цустай хамт Үхэгсдийн орон уруу явуулаарай гэв.

10. Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан билээ.

11. Давид Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил, нийт дөчин жил Израилийг захирчээ.

12. Эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларсан бөгөөд түүний хаанчлал бат тогтсон байлаа.

13. Нэгэн удаа Хаггитын хүү Адониа Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба—Чи амар тайван ирэв үү? гэж асуухад, тэрээр—Амар тайван гэж хариулав.

14. Дараа нь тэр—Танд дуулгах үг байна гэхэд Батшеба—Айлтгагтун гэв.

15. Тэрээр—Уг нь хаанчлал минийх байх ёстой байсан бөгөөд бүх Израиль намайг хаан болохыг хүсэж байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНий хүсэл учраас хаанчлал одоо миний дүүгийнх болсон билээ.

16. Одоо надад нэг хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэж өчихөд Батшеба түүнд—Хэлэгтүн хэмээв.

17. Тэгэхэд тэрээр—Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломоноос гуйж өгөөч. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ.

18. Батшеба ч—Сайн байна. Би чиний төлөө хаантай ярилцъя гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 2