Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 2:25-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Соломон хаан Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, түүнийг хөнөөлгөн алуулав.

26. Дараа нь тахилч Абиатарт хаан—Өөрийн талбай уруу, Анатот уруу явагтун. Чи хэдийгээр үхвэл зохих боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явдаг байсан бөгөөд миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ.

27. Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас халсан. Ингэснээр Елигийн гэр бүлийнхний талаар Шилод хэлсэн ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлжээ.

28. Энэ мэдээ Иоабт дуулдлаа. Хэдийгээр Иоаб Абсаломыг дагаагүй ч Адониаг дагасан тул тэрээр ЭЗЭНий майхан уруу зугтан, тахилын ширээний эврээс зууран барив.

29. Иоаб ЭЗЭНий майхан уруу зугтан одоо тахилын ширээний хажууд байгаа тухай Соломон хаанд дуулгасанд, тэрээр Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж,—Явж, түүнийг хөнөө гэж түүнд тушаав.

30. Ийнхүү Бенаиа ЭЗЭНий майхан уруу ирээд, Иоабт—Хаан чамд “Гараад ир” хэмээн тушаасан гэв. Харин тэр—Гарахгүй. Би энд л үхнэ гэж хариуллаа. Бенаиа хаанд—Иоаб ийнхүү хэлж, ийнхүү хариуллаа гэдэг мэдээг эргүүлэн аваачлаа.

31. Хаан түүнд—Түүний хэлснээр үйлдэж, түүнийг хөнөөгөөд, оршуул. Тэгвэл чи Иоабын шалтгаангүйгээр урсгасан цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулах болно.

32. Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгах болно. Учир нь миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө ч илүү зөв шударга, сайн хоёр хүнийг буюу Израилийн армийн жанжин Нерийн хүү Абнер болон Иудагийн армийн жанжин Иетерийн хүү Амаса нарыг хөнөөж сэлмээр алсан билээ.

33. Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үр хүүхдүүдийн толгойн дээр мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр бүл, түүний хаан ширээнд нь ЭЗЭНээс амар тайван байдал мөнхөд байх болтугай гэв.

34. Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнийг цохиж алав. Тэрээр цөл дэх өөрийн гэрт оршуулагджээ.

35. Хаан Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо.

36. Ингээд хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд түүнд—Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй.

37. Учир нь чи гадагш гарч, Кидрон горхийг туулах тэр өдөр чи заавал үхэхээ баттай мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 2