Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 2:15-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэрээр—Уг нь хаанчлал минийх байх ёстой байсан бөгөөд бүх Израиль намайг хаан болохыг хүсэж байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНий хүсэл учраас хаанчлал одоо миний дүүгийнх болсон билээ.

16. Одоо надад нэг хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэж өчихөд Батшеба түүнд—Хэлэгтүн хэмээв.

17. Тэгэхэд тэрээр—Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломоноос гуйж өгөөч. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ.

18. Батшеба ч—Сайн байна. Би чиний төлөө хаантай ярилцъя гэв.

19. Тэгээд Батшеба Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан босон, ээжийгээ угтан авч, түүнд мэхийгээд, дахин сэнтийдээ залрав. Тэгээд тэрээр ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун талд нь суулаа.

20. Дараа нь Батшеба—Надад нэг бяцхан хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэсэнд, хаан түүнд—Би танд татгалзахгүй учраас та асуу даа. Ээж ээ гэв.

21. Батшеба—Шунем охин Абишагийг чиний ах Адониад эхнэр болгон өгөөч гэв.

22. Соломон хаан ээждээ хариулан—Та яагаад Шунем охин Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэгвэл тэр тусмаа тэр миний ах учраас түүний төлөө мөн хаанчлалыг ч гуйгаач. Мөн тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн хүсэлт гаргаач гэж өгүүлэв.

23. Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж—Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амь насны эсрэг хэлээгүй байвал Бурхан намайг шийтгэг.

24. Тийм учраас одоо намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өнөөдөр Адониа заавал үхэх болно гэж хэлэв.

25. Соломон хаан Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, түүнийг хөнөөлгөн алуулав.

26. Дараа нь тахилч Абиатарт хаан—Өөрийн талбай уруу, Анатот уруу явагтун. Чи хэдийгээр үхвэл зохих боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явдаг байсан бөгөөд миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ.

27. Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас халсан. Ингэснээр Елигийн гэр бүлийнхний талаар Шилод хэлсэн ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлжээ.

28. Энэ мэдээ Иоабт дуулдлаа. Хэдийгээр Иоаб Абсаломыг дагаагүй ч Адониаг дагасан тул тэрээр ЭЗЭНий майхан уруу зугтан, тахилын ширээний эврээс зууран барив.

29. Иоаб ЭЗЭНий майхан уруу зугтан одоо тахилын ширээний хажууд байгаа тухай Соломон хаанд дуулгасанд, тэрээр Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж,—Явж, түүнийг хөнөө гэж түүнд тушаав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 2