Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 2:11-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Давид Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил, нийт дөчин жил Израилийг захирчээ.

12. Эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларсан бөгөөд түүний хаанчлал бат тогтсон байлаа.

13. Нэгэн удаа Хаггитын хүү Адониа Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба—Чи амар тайван ирэв үү? гэж асуухад, тэрээр—Амар тайван гэж хариулав.

14. Дараа нь тэр—Танд дуулгах үг байна гэхэд Батшеба—Айлтгагтун гэв.

15. Тэрээр—Уг нь хаанчлал минийх байх ёстой байсан бөгөөд бүх Израиль намайг хаан болохыг хүсэж байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНий хүсэл учраас хаанчлал одоо миний дүүгийнх болсон билээ.

16. Одоо надад нэг хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэж өчихөд Батшеба түүнд—Хэлэгтүн хэмээв.

17. Тэгэхэд тэрээр—Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломоноос гуйж өгөөч. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ.

18. Батшеба ч—Сайн байна. Би чиний төлөө хаантай ярилцъя гэв.

19. Тэгээд Батшеба Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан босон, ээжийгээ угтан авч, түүнд мэхийгээд, дахин сэнтийдээ залрав. Тэгээд тэрээр ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун талд нь суулаа.

20. Дараа нь Батшеба—Надад нэг бяцхан хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэсэнд, хаан түүнд—Би танд татгалзахгүй учраас та асуу даа. Ээж ээ гэв.

21. Батшеба—Шунем охин Абишагийг чиний ах Адониад эхнэр болгон өгөөч гэв.

22. Соломон хаан ээждээ хариулан—Та яагаад Шунем охин Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэгвэл тэр тусмаа тэр миний ах учраас түүний төлөө мөн хаанчлалыг ч гуйгаач. Мөн тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн хүсэлт гаргаач гэж өгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 2