Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 2:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давидын үхэх цаг ойртсоор ирэхэд тэрээр хүү Соломондоо сургамжлан,—

2. Би дэлхийн бүх хүмүүсийн жамаар явж байна. Тийм учраас хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул.

3. Чи юу хийсэн ч, хаа явсан ч бүх зүйлд амжилтыг олохын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий замаар алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний тогтоол, тушаал зарлиг болон гэрчлэлийг сахихын тулд Түүний зааврыг дага.

4. Ингэснээр миний талаар “Хэрэв чиний хөвгүүд бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно.

5. Зеруиагийн хүү Иоабын надад үйлдсэнийг болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт яаж хандаж тэднийг алсныг нь чи мэдэж байгаа. Тэр бас амар тайван үед дайны цус урсгасан билээ. Тэр дайны цусыг өөрийн бүс болон хөлдөө угласан шаахайндаа нялсан юм.

6. Тэгэхээр чи өөрийн мэргэн ухаанаараа шийдэн, түүний буурал үсийг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулж болохгүй.

7. Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүсийн дунд байлга. Учир нь намайг чиний ах Абсаломаас зугтаж байсан үед тэд надад тусалсан юм.

8. Харагтун, Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай хамт байна. Намайг Маханаим уруу явдаг өдөр тэр намайг хараасан боловч тэрээр Иордан гол дээр над уруу ирэх үед нь би түүнд ЭЗЭНээр тангараглан “Би чамайг сэлмээр хороохгүй” гэж хэлсэн юм.

9. Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Чи түүний буурал үсийг цустай хамт Үхэгсдийн орон уруу явуулаарай гэв.

10. Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 2