Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 18:21-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод,—Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.

22. Тэгээд Елиа ард түмэнд хандан—ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна.

23. Бидэнд хоёр үхрийг авчирч өгөөч. Баалын эш үзүүлэгчид өөрсдөдөө нэг үхрийг сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө шарыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний доор гал асаахгүй.

24. Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс—Сайн санаа байна гэцгээжээ.

25. Елиа Баалын эш үзүүлэгчдэд—Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгэн, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж өгүүлэв.

26. Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан,—Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.

27. Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн,—Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юу, эсвэл завгүй байна уу, эсвэл аяллаар явчихсан юм уу, эсвэл тэр чинь унтаж байгаа бөгөөд түүнийг сэрээх хэрэгтэй болов уу гэж хэлэв.

28. Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав.

29. Үд дунд өнгөрөхөд тэд, оройн тахил өргөх цаг болтол тэд улангасан байлаа. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй.

30. Үүний дараа Елиа бүх ард түмэнд—Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүн уруу ойртон ирлээ. Тэрээр нурсан байсан ЭЗЭНий тахилын ширээг босгов.

31. Елиа Иаковын хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулуу авчээ. Иаковт ЭЗЭНий үг ирж, “Чиний нэр Израиль байх болно” хэмээн айлдсан билээ.

32. Эдгээр чулуунуудаараа Елиа ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав.

33. Түүний дараа тэрээр модоо зэрэглэн тавиад, дээр нь үхрийн цавчилсан махыг тавилаа. Тэр—Дөрвөн домбыг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв.

34. Елиа—Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр—Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 18