Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 15:22-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх Иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моддыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.

23. Асагийн хийсэн бусад зүйлс, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхнийг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэнгүй гэж үү? Харин өтлөн хөгширсөн үедээ тэрээр хөлдөө өвчтэй болов.

24. Аса эцэг өвгөдийнхөө хамт нойрсон, өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагджээ. Түүний хүү Иехошафат түүний оронд хаанчлав.

25. Иудагийн хаан Асагийн хоёрдугаар жилд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав.

26. Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ.

27. Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, Надаб болон бүх Израиль Гиббетоныг бүслэж байхад филистчүүдэд харьяалагдах Гиббетонд түүнийг цохиж алав.

28. Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Бааша Надабыг алж оронд нь хаан боллоо.

29. Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол шилон хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав.

30. Учир нь Иеробоам нүгэл үйлдэж, бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.

31. Надабын бусад үйлс болон хийсэн бүхнийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглээгүй гэж үү?

32. Аса болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа.

33. Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав.

34. Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 15