Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 14:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Хаалгаар орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод—Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно вэ? Би чам уруу муу мэдээ аваачихаар илгээгдсэн юм.

7. Явж, Иеробоамд “Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү хэлж байна. «Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж,

8. Давидын ургийнхнаас хаанчлалыг тастан чамд өгсөн боловч, чи Миний зарц Давид шиг байсангүй. Давид Миний тушаалуудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв гэгдэх зүйлсийг л үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ.

9. Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү бузар мууг үйлдэн явж, өөртөө зориулан өөр бурхад болон цутгамал, шүтээнүүдийг хийж, Намайг уурлахад хүргэн, эцэстээ Надад нуруугаа харуулсан.

10. Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Израильд буй эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай бүгдийг нь Иеробоамаас таслан авна. Хог новшийг юу ч үлдээлгүй шүүрддэг шиг Иеробоамын гэрийнхнийг Би цэвэрлэн шүүрдэн хаяна.

11. Иеробоамд хамаарагдах хэн боловч хот дотор үхэх аваас ноход хүүрийг нь идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно. Учир нь ЭЗЭН үүнийг айлджээ» хэмээсэн” гэж хэл.

12. Харин одоо чи хөдлөн, гэртээ харигтун. Чамайг хот уруу орох үед хүүхэд үхэх болно.

13. Бүх Израиль түүний үхэлд гашуудан, түүнийг оршуулна. Иеробоамын гэр бүл дотор тэр хүүхдээс л Израилийн Бурхан ЭЗЭНд тааламжит сайн зүйл олдсон учраас Иеробоамын гэрийнхнээс ганцхан тэр л хүүхэд булшинд оршуулагдана.

14. Үүнээс гадна ЭЗЭН энэ өдөр болон энэ цагаас хойш Өөрийнхөө төлөө Израилийг захирах өөр хааныг босгох бөгөөд тэр нь Иеробоамын гэрийг арчин хаяна.

15. Учир нь усанд найгах зэгс шиг ЭЗЭН Израилийг цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг бүтээн, ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилийг үндсээр нь салгаж, Евфрат мөрний чанад уруу тараах болно.

16. Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно хэмээн өгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 14