Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 13:19-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Бурханы хүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа.

20. Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг буцаан авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд

21. тэрээр Иудагаас ирсэн Бурханы хүнд хандан хашхиран уйлж,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ЭЗЭНий тушаалыг зөрчин, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаан хэлсэн тушаалыг мөрдсөнгүй,

22. харин буцан ирж, ЭЗЭНий чамд «Талх бүү ид, ус бүү уу» гэсэн газарт талх ч идэж, ус ч уусан тул чиний хүүр эцэг өвгөдийн чинь булшинд оршуулагдахгүй” хэмээжээ гэж хэлэв.

23. Бурханы хүн идэж, уусны дараа хөгшин эш үзүүлэгч түүнд зориулан илжгийг эмээллэв.

24. Тэр цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг алжээ. Түүний хүүр зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд, мөн хажууд нь арслан зогсож байлаа.

25. Хажуугаар нь хүмүүс өнгөрөн явахдаа зам дээр хэвтэх хүүр болон дэргэд нь зогсох арсланг харжээ. Тэд хөгшин эш үзүүлэгчийн амьдардаг хотод хүрч ирээд, үзсэн харснаа ярив.

26. Бурханы хүнийг замаас нь эргүүлж авчирсан тэр хөгшин эш үзүүлэгч үүнийг сонсоод,—Тэр бол ЭЗЭНий тушаалыг зөрчсөн Бурханы хүн юм. ЭЗЭН түүнд хэлсэн ёсоороо түүнийг арсланд өгч тастчуулан алжээ хэмээн хэлэв.

27. Тэгээд хөвгүүддээ—Миний илжгэнд эмээл тох гэсэнд тэд илжгийг эмээллэв.

28. Тэр явсаар зам дээр хаягдан хэвтэх хүүрийг нь болон хажууд нь илжиг арслан хоёр байхыг харав. Арслан тэр хүүрийг ч идээгүй байснаар үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.

29. Бурханы хүний хүүрийг эш үзүүлэгч авч илжигний нуруунд тэгнэн, гашуудан, түүнийг нутаглуулахаар өөрийн хот уруу буцаан авчрав.

30. Тэрээр шарилыг өөрийн булшиндаа оршуулсан бөгөөд түүний дээр гашуудан—Ай хөөрхий, дүү минь! хэмээн харуусаж байлаа.

31. Оршуулж дууссаны дараа, тэрээр өөрийн хөвгүүддээ—Намайг нас барахад энэ Бурханы хүнийг оршуулсан булшинд намайг оршуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 13