Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 12:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам ч Шехемд очив.

2. Небатын хүү Иеробоам сонсох үед тэрээр Египетэд амьдарч байсан (Учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан гараад Египетдээ амьдарсаар байв).

3. Тэгээд тэд хүн илгээж, Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа—

4. Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв.

5. Рехобоам тэдэнд—Гурван өдрөөр явцгаа, дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.

6. Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн,—Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөмөөр байна вэ? гэж асуув.

7. Тэд Рехобоамд хариулан—Хэрэв та өнөөдөр энэ ард түмний боол байж, тэдэнд үйлчилж, тэдний хүсэмжилсэн зүйлсийг нь тэдэнд өгч, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв.

8. Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өссөн, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв.

9. Тэрээр тэдэнд,—Энэ ард түмэн “Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өг гэж та нар надад зөвлөхсөн бол? гэв.

10. Түүнтэй хамт өссөн залуус түүнд—Чамд хандан “Таны эцэг бидний буулгыг хүнд хүчир болгосон, одоо та үүнийг хөнгөлж өг” гэж шаардаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууцнаас ч бүдүүн юм!

11. Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.

12. Хаан—Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав.

13. Өөрт нь өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэрээр үл хайхарсан тул ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.

14. Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан—Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би та нарын буулга дээр нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.

15. Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН шилон хүн Ахиагаар дамжуулан, Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ тогтоохын тулд эдгээр бүх зүйлсийг эргүүлсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 12