Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 11:6-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй.

7. Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошд болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт байх уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов.

8. Өөрсдийн бурхдад утлага шатаан, тахил өргөж байсан харь орны бүх эхнэрүүддээ зориулан Соломон тийнхүү хандав.

9. Соломоны зүрх сэтгэл Израилийн Бурхан ЭЗЭНээс урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэсэн. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн,

10. өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахисангүй.

11. ЭЗЭН Соломонд—Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно.

12. Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно.

13. Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь тастан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.

14. Үүний дараа, ЭЗЭН едом хүн Хададыг Соломоны өстөн болгов. Тэр Едомд сурвалжит гаралтай хүн байв.

15. Урьд нь Давидыг Едомд байх үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг оршуулахаар очихдоо Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд

16. (Учир нь Иоаб болон бүх Израиль Едомын бүх эрчүүдийг хүйс тэмтэрч дуустлаа зургаан сарын турш тэндээ байсан юм)

17. Хадад эцгийнх нь түшмэд болох хэсэг едомчуудын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв.

18. Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрчүүдийг дагуулан Египетэд хүрч ирээд, Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж, мөн газар ч өгчээ.

19. Хадад Фараоны таалалд маш их нийцсэн тул Фараон түүнд өөрийн эхнэр Тахпенез хатны дүүг өгч гэрлүүлэв.

20. Тахпенезын охин дүү түүнд хүү Генубатыг төрүүлсэнд Тахпенез түүнийг Фараоны ордонд тэжээн хөхнөөс гаргасан ажээ. Генубат Фараоны ордонд Фараоны хөвгүүдтэй хамт өслөө.

21. Харин Хадад Египетэд байхдаа Давидыг өвөг эцгүүдтэйгээ нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод,—Намайг төрсөн нутаг уруу минь явуулаач гэж Фараоноос хүсэв.

22. Тэгэхэд Фараон түүнд—Надтай хамт байхад чамд юу дутагдсан гээд чи өөрийн нутаг уруу буцахыг хүснэ вэ? гэв. Хадад—Дутагдах зүйл огтхон ч байсангүй, гэхдээ та намайг заавал явуулах ёстой гэж хариулжээ.

23. Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов.

24. Давидыг Зобад харьяалагдах хүмүүсийг устгасны дараа Резон хүмүүс цуглуулж, дээрэмчдийн бүлгийн толгойлогч болов. Тэд Дамаскт очин суурьшиж Дамаскийг захирчээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 11