Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 9:7-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цусны болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авахын тулд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун.

8. Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүмүүсийг Би Ахабаас таслах болно.

9. Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил, мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно.

10. Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг оршуулахгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалгаа онгойлгон зугтав.

11. Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс—Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд—Та нар хүнийг болон түүний ярьсныг мэднэ шүү дээ гэв.

12. Тэд—Энэ чинь худал. Бидэнд одоохон хэлээч гэсэнд Иехү—Тэрээр надад ингэж, ингэж яриад, “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэлсэн билээ гэв.

13. Тэгэхэд тэд яаравчлан, хүн бүр өөрийн хувцсаа авч, Иехүгийн хөлийн доор гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн,—Иехү бол хаан гэцгээв.

14. Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.

15. Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамейчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү—Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу хотыг орхин явж болохгүй хэмээв.

16. Тэгээд Иехү тэргэнд суугаад Иезреел уруу явав. Учир нь Иорам тэнд хэвтэж байсан билээ. Иудагийн хаан Ахазиа Иорамтай уулзахаар тэнд ирчихсэн байв.

17. Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад,—Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам—Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээн, “Амар амгалан уу” хэмээн түүгээр асуулга гэв.

18. Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж,—Хаантан “Амар амгалан уу?” хэмээсэн билээ гэв. Иехү—Чи амар амгалантай ямар хамаатай вэ? Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ—Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв.

19. Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд,—Хаан “Амар амгалан уу?” гэж асууж байна гэв. Иехү—Чи амар амгалантай ямар холбоотой вэ? Миний хойноос яв хэмээн хариулав.

20. Харуул—Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.

21. Тэгэхэд Иорам—Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун, Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав.

22. Иорам Иехүг хараад—Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү—Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.

23. Иорам эргэн зугтаад, Ахазиад—Хөөе, Ахазиа, урвалт гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 9