Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 8:17-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ.

18. Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар явав. Учир нь Ахабын охин түүний эхнэр болжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв.

19. Харин Өөрийн зарц Давидын төлөө хөвгүүдээр нь дамжуулан түүнд дэнлүүг үргэлж өгнө гэж Давидад Өөрөө нэгэнт амласан тул Иудаг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.

20. Түүний өдрүүдэд Едом Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан бий болгожээ.

21. Тэгэхэд Иорам ба түүнтэй хамт бүх тэрэгнүүд нь Заир уруу гатлан гарлаа. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлсэн байсан едомчуудыг цохисон боловч цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов.

22. Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ.

23. Иорамын бусад үйлс болон түүний үйлдсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

24. Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.

25. Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёр дахь жилд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв.

26. Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Израилийн хаан Омрийн ач охин Аталиа гэдэг байв.

27. Ахазиа Ахабын гэрийн хүргэн байсан тул Ахабын гэрийнхний замаар замнан, Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.

28. Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд арамейчууд Иорамыг шархдуулжээ.

29. Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр Иорам Хаан Иезреел уруу буцав. Тэгээд Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 8