Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 7:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэд арамейчуудын хуаран уруу явахаар үдшийн бүрэнхийгээр босов. Тэднийг арамейчуудын хуарангийн захад хүрч очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй.

6. Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ—Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв.

7. Тийм учраас тэд босож, үдшийн бүрэнхийгээр зугтан, майхнууд, морьд, илжигнүүдээ буюу хуарангаа байсан чигээр нь орхиод, амиа хөөн зугтсан ажээ.

8. Эдгээр уяман өвчтөнүүд хуарангийн захад хүрч ирээд нэг майханд орж, идэж уугаад, тэндээс алт, мөнгө, хувцас зөөж, далдлан нуужээ. Тэд буцаж ирэн, өөр нэгэн майханд нэвтрэн орж, тэндээс юм зөөж, далдлан нуужээ.

9. Дараа нь тэд бие биендээ—Бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дуугаа хураан байна. Хэрэв бид өглөөний гэгээ тустал хүлээвэл бидэн дээр шийтгэл буух болно. Тиймээс одоо явж, хааны гэрийнхэнд айлтгая гэцгээв.

10. Ингээд тэд ирж, хотын дааман хаалга сахигчдыг дуудан, тэдэнд—Бид арамейчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжигнүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 7