Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 6:3-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгэхэд нэг нь—Зарц нартайгаа хамт явж таалаач гэхэд Елиша—Би явна гэв.

4. Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд хүрч ирэхдээ моддыг цавчиж унагав.

5. Гэтэл нэг нь гуалин унагаж байтал сүхний толгой нь усанд унав. Тэрээр хашхирч,—Аяа, эзэн минь! Энэ нь зээлийн юм байсан гэв.

6. Тэгтэл Бурханы хүн—Сүх чинь хаана унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулаад, Елиша саваа тайраад тийшээ шидэж, төмрийг хөвүүлэв.

7. Тэрээр—Үүнийг гаргаж өөртөө ав гэж хэлсэнд тэр хүн гараа сунган сүхээ авав.

8. Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн,—Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв.

9. Бурханы хүн Израилийн хаанд илгээн,—Арамейчууд тэнд ирж байгаа тул энэ газраар өнгөрөхөөс та нар болгоомжил гэж хэлүүлэв.

10. Бурханы хүний өөрт нь хэлж сануулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээв. Ингэж Елиша түүнд сануулсанд, тэрээр ганц хоёр удаа ч бус өөрийгөө тэнд хамгаалав.

11. Үүнээс болоод Арамын хааны зүрх хилэгнэжээ. Тэрээр зарц нараа дуудан, тэдэнд—Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлэх үү? гэв.

12. Зарц нарынх нь нэг—Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша унтлагын өрөөндөө таны ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм хэмээн айлтгав.

13. Тиймээс Арамын хаан—Би хүн илгээж, түүнийг бариулахын тулд та нар явж, түүнийг хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд—Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ.

14. Тэрээр тийшээ морьд, тэрэгнүүд болон асар их цэргийг илгээсэнд тэд шөнөөр ирж, хотыг бүслэв.

15. Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад—Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв.

16. Тэрээр хариулахдаа—Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв.

17. Тэгээд Елиша залбиран,—Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв.

18. Тэд түүн уруу буун ирэхэд Елиша ЭЗЭНд залбиран,—Энэ хүмүүсийг сохор болгооч, би залбирч байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.

19. Тэгээд Елиша тэдэнд—Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн уруу чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав.

20. Тэд Самарид хүрч ирэх үед Елиша—Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд эдгээрийн нүдийг нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд, тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 6