Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 6:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэгээд Елиша тэдэнд—Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн уруу чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав.

20. Тэд Самарид хүрч ирэх үед Елиша—Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд эдгээрийн нүдийг нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд, тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа.

21. Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад—Эцэг минь, би тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.

22. Елиша хариулахдаа—Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэд идэж, уугаад, өөрсдийн эзэн уруу явахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ.

23. Ингээд тэр тэдэнд зориулан их найрыг бэлтгэв. Идэж, уусных нь дараа тэр тэднийг явуулсанд, тэд өөрсдийн эзэн уруу буцав. Арамейчуудын дээрмийн бүлэглэлүүд Израилийн нутаг уруу дахин халдан ирсэнгүй.

24. Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан, хөдөлж, Самариг бүслэв.

25. Самарид их өлсгөлөн болж байв. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөөр, кабын дөрөвний нэг тагтааны баас таван мөнгөөр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв.

26. Израилийн хааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн уруу хашхирч,—Миний эзэн, хаантан, туслаач! гэв.

27. Хаан—Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй юм бол би хаанаасаа чамд туслах юм бэ? Үтрэмээс үү, эсвэл усан үзмийн шахуургаас уу? гэжээ.

28. Хаан түүнд—Чамд юу тохиолдов? гэхэд тэр эмэгтэй хариулан—Энэ эмэгтэй надад “Чи хүүгээ өгөөч. Өнөөдөр бид чиний хүүг идээд, маргааш миний хүүг идэцгээе” гэж хэлсэн билээ.

29. Ингээд бид миний хүүг чанаж, идсэн юм. Дараа өдөр нь би түүнд “Хүүгээ өг. Бид түүнийг идэцгээе” гэсэн боловч тэр эмэгтэй хүүгээ нуучихсан байв гэв.

30. Хаан тэр эмэгтэйн үгийг сонсоод, тэрээр хувцсаа уржээ. Тэр хэрмэн дээгүүр явж байсан бөгөөд ард түмэн хартал, үзэгтүн, хаан биедээ таар өмссөн байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 6