Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 6:15-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад—Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв.

16. Тэрээр хариулахдаа—Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв.

17. Тэгээд Елиша залбиран,—Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв.

18. Тэд түүн уруу буун ирэхэд Елиша ЭЗЭНд залбиран,—Энэ хүмүүсийг сохор болгооч, би залбирч байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.

19. Тэгээд Елиша тэдэнд—Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн уруу чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав.

20. Тэд Самарид хүрч ирэх үед Елиша—Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд эдгээрийн нүдийг нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд, тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа.

21. Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад—Эцэг минь, би тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.

22. Елиша хариулахдаа—Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэд идэж, уугаад, өөрсдийн эзэн уруу явахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ.

23. Ингээд тэр тэдэнд зориулан их найрыг бэлтгэв. Идэж, уусных нь дараа тэр тэднийг явуулсанд, тэд өөрсдийн эзэн уруу буцав. Арамейчуудын дээрмийн бүлэглэлүүд Израилийн нутаг уруу дахин халдан ирсэнгүй.

24. Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан, хөдөлж, Самариг бүслэв.

25. Самарид их өлсгөлөн болж байв. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөөр, кабын дөрөвний нэг тагтааны баас таван мөнгөөр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв.

26. Израилийн хааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн уруу хашхирч,—Миний эзэн, хаантан, туслаач! гэв.

27. Хаан—Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй юм бол би хаанаасаа чамд туслах юм бэ? Үтрэмээс үү, эсвэл усан үзмийн шахуургаас уу? гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 6