Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 5:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Нааман—Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч. Учир нь боол тань дахиж шатаалт тахил өргөхгүй, өөр бурхдыг ч тахихгүй. Харин ЭЗЭНд өргөх болно.

18. Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны дуганд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны дуганд бөхийдөг тул би Риммоны дуганд бөхийх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.

19. Елиша түүнд—Амар амгалан явагтун гэв. Ингээд Нааман түүнээс хэсэг зайнд холдов.

20. Харин Бурханы хүн Елишагийн зарц Гехази—Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би түүний араас гүйн очоод, түүнээс ямар нэгэн юм авъя гэж боджээ.

21. Ингээд Гехази Нааманыг нэхэн одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж,—Бүх юм сайн уу? гэв.

22. Гехази—Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгчдийн хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө болон хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв.

23. Нааман—Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаад, хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж, хоёр зарцдаа өгөөд, тэд Гехазийн өмнө үүрэн явжээ.

24. Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас аван, гэртээ оруулан тавьж, тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав.

25. Харин өөрөө орж, эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд—Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр—Таны зарц хаашаа ч яваагүй гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 5