Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 4:32-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Елишаг гэрт орж ирэхэд, харагтун хүү үхсэн байсан бөгөөд орон дээр нь хэвтсэн байлаа.

33. Ингээд тэр дотогш ороод, хоёулангийнх нь араас хаалгаа хаагаад, ЭЗЭНд залбирав.

34. Тэрээр дээшээ очиж, хүүхдийн дээр хэвтэн, амаа хүүгийн аманд, нүдээ хүүгийн нүдэнд, гараа хүүгийн гар дээр тавьж, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүүхдийн бие махбод бүлээн болов.

35. Дараа нь Елиша буцаад, гэр дотор нааш цаашаа нэг удаа алхаж, дээшээ гарч, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүү долоон удаа найтаагаад, нүдээ нээв.

36. Елиша Гехазийг дуудаад,—Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Тэрээр тэр эмэгтэйг дуудлаа. Эмэгтэйг түүн дээр орж ирэхэд Елиша—Хүүгээ ав гэж хэлэв.

37. Тэгтэл эмэгтэй дотогш орж, түүний хөлд унан, газарт тултал мэхийгээд, хүүгээ аваад, гарч явлаа.

38. Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт өлсгөлөн байв. Эш үзүүлэгчдийн хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа—Том тогоо тавьж, эш үзүүлэгчдийн хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв.

39. Тэгтэл нэг нь ногоо цуглуулахаар талбай уруу гарч, зэрлэг ороонго ургамал олоод, түүнээс хормойгоо дүүртэл зэрлэг хулуу цуглуулан, буцаж ирээд, тэдгээрийг шөлтэй тогоондоо хэрчиж хийв. Учир нь тэд мэдээгүй ажээ.

40. Ингээд тэд хүмүүст идүүлэхээр аягалав. Тэд шөлнөөс идэж байтал хашхиран,—Бурханы хүн ээ, тогоон дотор үхэл байна гэцгээлээ. Тэд идэж чадахгүй байв.

41. Харин Елиша—Гурил аваад ир гээд түүнийг тогоонд хийгээд,—Хүмүүст аягалж өг, тэд идэцгээг гэж хэлэв. Тэгтэл тогоонд ямар ч хор байхгүй болсон байлаа.

42. Нэгэн хүн Баал-шалишагаас ирж, Бурханы хүнд ургацынхаа дээжээс талхыг, арвайн хорин талх болон тарианы шинэхэн түрүүг сагсандаа авч иржээ. Елиша—Хүмүүст өг, тэд идэцгээг хэмээв.

43. Зарц нь—Юу, би үүнийг зуун хүний өмнө тавих гэж үү? гэв. Харин Елиша—Хүмүүст өг, тэд идэцгээг. Учир нь ЭЗЭН айлдахдаа “Тэд идэцгээж, илүү гарна” хэмээж байна гэв.

44. Ингээд тэр тэдний өмнө тавихад, ЭЗЭНий үгийн дагуу тэд идэцгээж, илүү гарсан ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 4