Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 25:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Бие хамгаалагчдын ахмад Небузарадан тэднийг аваад Риблад буй Вавилоны хаанд авч иржээ.

21. Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.

22. Вавилоны хаан Небухаднезарын Иуда газарт үлдээсэн хүмүүсийг захируулахаар тэрээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов.

23. Вавилоны хаан Гедалиаг томилсныг цэргийн бүх ахмадууд өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод тэд Мизпад Гедалиа уруу иржээ. Тэдгээр нь Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иохонан, Нетофат хүн Танхуметын хүү Сераиа, Маака хүний хүү Иазаниа нар бөгөөд тэдний хүмүүс болой.

24. Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглан,—Халдеичуудын зарц нараас бүү айгтун. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчлэгтүн. Энэ нь та нарт өлзийтэй байх болно гэж тэдэнд хэлэв.

25. Гэвч долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд, Гедалиаг цохиж алаад, Мизпад мөн түүний хамт байсан иудейчүүд, халдеичуудыг алжээ.

26. Тэгээд их, бага гэлгүй бүх хүмүүс болон цэргийн ахмадууд босон Египет уруу оджээ. Учир нь тэд халдеичуудаас айж байв.

27. Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин долооны өдөр Вавилоны хаан Евил-меродах хаан суудалдаа заларсан тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинг шоронгоос чөлөөлөв.

28. Тэрээр Иехоиахинтай элэгсэг дотноор ярилцан, Вавилонд өөртэй нь хамт байдаг хаадын сэнтийнээс илүү өндөр сэнтийд Иехоиахинг суулгажээ.

29. Иехоиахин шоронгийн хувцсаа сольж, амьдралынхаа бүх өдрийн турш хааны өмнө тогтмол зооглож байв.

30. Хаан түүнд амьдралынх нь бүх өдрийн туршид өдөр бүрийн хувь хишиг болох тогтмол тэтгэлгийг ханган нийлүүлж байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 25