Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 25:15-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Бие хамгаалагч нарын ахмад мөн цэвэр алт, мөнгөн бойпорууд ба угаалгын савнуудыг авч явжээ.

16. ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис болон сууриуд болох эдгээр бүх сав суулгануудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ.

17. Нэг баганын өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл толгой байв. Толгойн өндөр нь гурван тохой байв. Толгойг тойруулсан тор ба анарууд бүгд хүрлээр хийсэн байв. Нөгөө багана нь ч мөн адил тороор чимэглэсэн байв.

18. Тэгээд бие хамгаалагч нарын ахмад нь ахлах тахилч Сераиа, дэд тахилч Зефаниа, сүмийн гурван түшмэлийн хамт авав.

19. Хотоос тэрээр дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, мөн хотоос олдсон хааны зөвлөгчдийн таван хүнийг, мөн тэр газрын ард түмнийг цуглуулдаг байсан цэргийн ахмадын гүүшийг, мөн хотоос олдсон нутгийн жаран хүнийг авч одов.

20. Бие хамгаалагчдын ахмад Небузарадан тэднийг аваад Риблад буй Вавилоны хаанд авч иржээ.

21. Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.

22. Вавилоны хаан Небухаднезарын Иуда газарт үлдээсэн хүмүүсийг захируулахаар тэрээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов.

23. Вавилоны хаан Гедалиаг томилсныг цэргийн бүх ахмадууд өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод тэд Мизпад Гедалиа уруу иржээ. Тэдгээр нь Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иохонан, Нетофат хүн Танхуметын хүү Сераиа, Маака хүний хүү Иазаниа нар бөгөөд тэдний хүмүүс болой.

24. Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглан,—Халдеичуудын зарц нараас бүү айгтун. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчлэгтүн. Энэ нь та нарт өлзийтэй байх болно гэж тэдэнд хэлэв.

25. Гэвч долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд, Гедалиаг цохиж алаад, Мизпад мөн түүний хамт байсан иудейчүүд, халдеичуудыг алжээ.

26. Тэгээд их, бага гэлгүй бүх хүмүүс болон цэргийн ахмадууд босон Египет уруу оджээ. Учир нь тэд халдеичуудаас айж байв.

27. Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин долооны өдөр Вавилоны хаан Евил-меродах хаан суудалдаа заларсан тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинг шоронгоос чөлөөлөв.

28. Тэрээр Иехоиахинтай элэгсэг дотноор ярилцан, Вавилонд өөртэй нь хамт байдаг хаадын сэнтийнээс илүү өндөр сэнтийд Иехоиахинг суулгажээ.

29. Иехоиахин шоронгийн хувцсаа сольж, амьдралынхаа бүх өдрийн турш хааны өмнө тогтмол зооглож байв.

30. Хаан түүнд амьдралынх нь бүх өдрийн туршид өдөр бүрийн хувь хишиг болох тогтмол тэтгэлгийг ханган нийлүүлж байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 25