Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 25:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар өөрөө болон бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ.

2. Ийнхүү Зедекиа Хааны арван нэг дэх жил болтол хот бүслэлтэнд байжээ.

3. Дөрөвдүгээр сарын есний өдөр тэр нутгийн ард түмэнд хоол хүнс байхгүй болтол хот доторх өлсгөлөн ихэд ширүүсжээ.

4. Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ.

5. Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав.

6. Тэгээд тэд хааныг олзлоод, Рибла дахь Вавилоны хаанд хүргэж ирэхэд, тэр түүнд ял оноов.

7. Тэд Зедекиагийн нүдний өмнө хөвгүүдийг нь цаазлан, дараа нь Зедекиагийн нүдийг ухаад, түүнийг хүрэл дөнгөөр хүлж, Вавилон уруу авчирчээ.

8. Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ.

9. Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.

10. Ингээд бие хамгаалагчдын ахмадтай халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь хэрмийг нураав.

11. Тэгээд хотод үлдсэн бусад хүмүүс, Вавилоны хаан уруу оргосон оргодлууд болон бусад ард олныг бие хамгаалагчдын ахмад Небузарадан цөллөгт авч явжээ.

12. Гэвч бие хамгаалагчдын ахмад тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг усан үзмийн цэцэрлэгч болон газар хагалагчаар үлдээв.

13. ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд болон сууриуд мөн ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл цутгамал тэнгис зэргийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, хүрлийг нь Вавилон уруу авч явжээ.

14. Тогоонууд, утгуур, чимхүүр, халбаганууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг тэд авч явжээ.

15. Бие хамгаалагч нарын ахмад мөн цэвэр алт, мөнгөн бойпорууд ба угаалгын савнуудыг авч явжээ.

16. ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис болон сууриуд болох эдгээр бүх сав суулгануудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ.

17. Нэг баганын өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл толгой байв. Толгойн өндөр нь гурван тохой байв. Толгойг тойруулсан тор ба анарууд бүгд хүрлээр хийсэн байв. Нөгөө багана нь ч мөн адил тороор чимэглэсэн байв.

18. Тэгээд бие хамгаалагч нарын ахмад нь ахлах тахилч Сераиа, дэд тахилч Зефаниа, сүмийн гурван түшмэлийн хамт авав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 25