Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 23:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг, мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн бүх эрхэст утлага уугиулагчдыг тэр хөөн зайлуулав.

6. Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс Ашераг Иерусалимын гадагш гарган Кидрон горхи уруу аваачаад, Кидрон горхины дэргэд түүнийг шатаан, үнс болгон бутлаж, үнсийг нь жирийн ардуудын булшин дээр цацжээ.

7. Тэр бас ЭЗЭНий өргөөн дэх шүтээний янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхэж байсан юм.

8. Дараа нь тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы орох үүдэнд буюу хотын дааман хаалганы дэргэд зүүн талд байсан хаалганы мөргөлийн өндөрлөгүүдийг ч нураан хаясан юм.

9. Гэсэн ч мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нар Иерусалим дахь ЭЗЭНий тахилын ширээ уруу очоогүй, харин тэд өөрсдийнхөө ах дүүсийн дунд исгээгүй талх иджээ.

10. Тэр бас Хинномын хүүгийн хөндийд буй Тофетыг бузарласан нь ямар ч хүн өөрийн хүү, эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд юм.

11. Тэрээр наранд зориулан Иудагийн хаадын өргөсөн морьдыг зайлуулав. Тэдгээр морьд ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натан-мелех түшмэлийн танхимын ойролцоох хашаанд байсан юм. Тэрээр нарны тэрэгнүүдийг галдан шатаав.

12. Ахазын дээд танхим буюу дээвэр дээрх Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нураав. Тэднийг хаан тэнд нь хэмхлэн, үнсийг нь Кидрон горхи уруу асгажээ.

13. Иерусалимын өмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.

14. Тэрээр чулуун баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэдгээрийн газруудыг хүний ясаар дүүргэв.

15. Цаашилбал Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөг болох тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг тэр нураав. Тэгээд түүний чулуунуудыг буулган, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ.

16. Иосиа эргэхдээ тэнд уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн, булшнуудаас яснуудыг авчруулж, тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу уг тахилын ширээг бузарлажээ.

17. Дараа нь тэрээр—Миний харж буй энэ дурсгалын багана юу вэ? хэмээн асуусанд тэр хотын ард түмэн түүнд—Энэ бол Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээний эсрэг таны хийсэн эдгээр зүйлсийг тунхагласан Бурханы хүний булш гэцгээв.

18. Хаан—Түүнийг орхи. Түүний ясыг хэн ч бүү хөндөг гэв. Ингээд тэд түүний ясыг Самариас ирсэн эш үзүүлэгчийн ясны хамт хөндөлгүй орхив.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 23