Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 23:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэрээр наранд зориулан Иудагийн хаадын өргөсөн морьдыг зайлуулав. Тэдгээр морьд ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натан-мелех түшмэлийн танхимын ойролцоох хашаанд байсан юм. Тэрээр нарны тэрэгнүүдийг галдан шатаав.

12. Ахазын дээд танхим буюу дээвэр дээрх Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нураав. Тэднийг хаан тэнд нь хэмхлэн, үнсийг нь Кидрон горхи уруу асгажээ.

13. Иерусалимын өмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.

14. Тэрээр чулуун баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэдгээрийн газруудыг хүний ясаар дүүргэв.

15. Цаашилбал Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөг болох тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг тэр нураав. Тэгээд түүний чулуунуудыг буулган, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ.

16. Иосиа эргэхдээ тэнд уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн, булшнуудаас яснуудыг авчруулж, тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу уг тахилын ширээг бузарлажээ.

17. Дараа нь тэрээр—Миний харж буй энэ дурсгалын багана юу вэ? хэмээн асуусанд тэр хотын ард түмэн түүнд—Энэ бол Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээний эсрэг таны хийсэн эдгээр зүйлсийг тунхагласан Бурханы хүний булш гэцгээв.

18. Хаан—Түүнийг орхи. Түүний ясыг хэн ч бүү хөндөг гэв. Ингээд тэд түүний ясыг Самариас ирсэн эш үзүүлэгчийн ясны хамт хөндөлгүй орхив.

19. Иосиа бас Самарийн хотууд дахь мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байрыг зайлуулсан билээ. Тэдгээрийг Израилийн хаад ЭЗЭНийг өдөөн хатгасаар босгосон юм. Тэрээр Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийм юм үйлджээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 23