Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 20:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Исаиа—Дараах зүйл нь ЭЗЭН Өөрийн айлдсан ёсоор хийхийн ЭЗЭНээс ирэх тэмдэг болно. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу, эсвэл арван алхмаар ухраах уу? гэв.

10. Хезекиа хариуд нь—Сүүдрийг арван алхмаар урагшлуулах нь амархан. Үгүй, харин сүүдрийг арван алхмаар буцаагтун гэж хэлжээ.

11. Эш үзүүлэгч Исаиа ЭЗЭНд хашхирсанд, Ахазын шатан дээгүүр өнгөрсөн сүүдрийг Тэрээр арван алхмаар буцаав.

12. Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан түүнийг өвчтэй байсныг дуулаад, Хезекиад захидал ба бэлэг илгээв.

13. Хезекиа үүнийг сонсоод, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн зэвсгийн агуулах болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт болон бүх эзэмшилд нь үлдсэнгүй.

14. Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж,—Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа—Тэд алс холын орон, Вавилоноос ирсэн гэж хариулав.

15. Исаиа—Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа—Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.

16. Тэгэхэд Исаиа Хезекиад—ЭЗЭНий үгийг сонсогтун.

17. “Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

18. “Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс зарим нь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд түшмэд болно” гэв гэжээ.

19. Тэгэхэд Хезекиа Исаиад—Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр “Хэрэв миний өдрүүдэд л амар амгалан, үнэн байвал болох юм бус уу?” гэж боджээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 20