Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 20:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ” гэсэн гэв.

2. Тэгэхэд тэрээр нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбирахдаа—

3. Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.

4. Исаиаг дундах хашаанаас гарахаас өмнө ЭЗЭНий үг түүнд ирж,—

5. Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно.

6. Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмж, чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө Би энэ хотыг хамгаална» гэв” гэж хэл хэмээн айлдлаа.

7. Тэгээд Исаиа—Инжрийн хатаамлыг тавь гэв. Тэд түүнийг аваад, хатгин дээр нь тавьсанд Хезекиа эдгэв.

8. Хезекиа Исаиад—ЭЗЭН намайг эдгээж, би гурав дахь өдөр нь ЭЗЭНий өргөө уруу явах болно гэсэн тэмдэг юу байх вэ? гэв.

9. Исаиа—Дараах зүйл нь ЭЗЭН Өөрийн айлдсан ёсоор хийхийн ЭЗЭНээс ирэх тэмдэг болно. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу, эсвэл арван алхмаар ухраах уу? гэв.

10. Хезекиа хариуд нь—Сүүдрийг арван алхмаар урагшлуулах нь амархан. Үгүй, харин сүүдрийг арван алхмаар буцаагтун гэж хэлжээ.

11. Эш үзүүлэгч Исаиа ЭЗЭНд хашхирсанд, Ахазын шатан дээгүүр өнгөрсөн сүүдрийг Тэрээр арван алхмаар буцаав.

12. Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан түүнийг өвчтэй байсныг дуулаад, Хезекиад захидал ба бэлэг илгээв.

13. Хезекиа үүнийг сонсоод, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн зэвсгийн агуулах болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт болон бүх эзэмшилд нь үлдсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 20