Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 2:8-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа.

9. Тэд гаталж гарсны дараа Елиа Елишад—Би чамаас авагдахаас өмнө чиний төлөө би юу хийх ёстойг гуйгтун? гэсэнд Елиша—Таны сүнсийг хоёр дахин илүүгээр над дээр байлгаач гэв.

10. Тэр—Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг харвал энэ нь чиний төлөө биелнэ. Харин харахгүй бол энэ нь биелэхгүй гэв.

11. Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галт тэрэгнүүд болон галт морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов.

12. Елиша үүнийг хараад—Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэгнүүд, тэдгээрийн морьтнуудаа! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.

13. Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч, буцаж, Иорданы эрэг дээр зогсов.

14. Елиагаас унасан түүний нөмрөгийг тэр аваад, усыг цохиж,—Елиагийн Бурхан, ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон хуваагдав. Елиша гаталж гарлаа.

15. Голын цаана Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг хараад,—Елиагийн сүнс Елиша дээр оршдог гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газар бөхийв.

16. Тэд түүнд—Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөн яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша—Бүү илгээгтүн гэж хэлэв.

17. Гэвч түүнийг ичтэл тэд ятгахад тэр—Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрсийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй.

18. Елишаг Иериход байх үед тэд түүн уруу буцаж иржээ. Тэр тэдэнд—Би та нарт “Битгий яв” гэж хэлээгүй юу? гэв.

19. Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад—Харагтун, энэ хотын байдал нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, мөн газар нутаг нь үржил шимгүй юм гэв.

20. Елиша—Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав.

21. Тэрээр усны ундарга уруу очин, түүн уруу давсаа асгаад,—ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл байхгүй болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 2