Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 18:28-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр чанга дуугаар—Агуу хаан болон Ассирийн хааны үгсийг сонсогтун.

29. Хаан ийн хэлж байна. “Хезекиад бүү мэхлэгдэгтүн. Учир нь тэр та нарыг миний гараас аварч чадахгүй.

30. Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор.

31. Хезекиаг бүү сонс. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. «Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.

32. Дараа нь би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт аваачна. Ингэснээр та нар амьдарч, үхэхгүй» гэв. Харин Хезекиа та нарыг мэхлэн, «ЭЗЭН биднийг аварна» гэж байхад түүнийг бүү сонс.

33. Улс үндэстнүүдийн бурхдын дунд Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу?

34. Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваим, Хена, Иввагийн бурхад хаана байна? Тэд Самарийг миний гараас аварсан гэж үү?

35. Газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?” гэв.

36. Гэвч хүмүүс чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа.

37. Тэгээд Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 18