Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 18:13-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.

14. Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, “Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг шаарджээ.

15. Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.

16. Тэр үед Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалгануудаас болон өөрийн бүрүүлсэн босгонуудаас алтыг нь хуулж, Ассирийн хаанд өгөв.

17. Дараа нь Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд явсаар ирээд, угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

18. Тэд хааныг дуудахад, Хилкиагийн хөвгүүн ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар тэдэн уруу гарч очив.

19. Рабшаке тэдэнд—Одоо Хезекиад хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан ийн хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?

20. Чи хэлэхдээ (гэвч эдгээр нь зөвхөн хоосон үгс юм) ”Дайтахын тулд надад зөвлөгөө болон хүч бий” гэдэг билээ. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлсэн бэ?

21. Одоо харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдэд ингэж ханддаг.

22. Харин чи надад “Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгэдэг” гэж хэлж байгаа юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда болон Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?

23. Тийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хий. Хэрвээ чи өөрөөсөө хангалттай хүмүүсийг гаргаж чадах юм бол би чамд тэдний унах хоёр мянган морийг өгье.

24. Тэгвэл чи миний эзний боолуудын дотроос хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?

25. ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, устга” гэж айлдсан билээ»” гэв.

26. Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким болон Шебна, Иоа нар Рабшакед хандан—Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.

27. Харин Рабшаке тэдэнд—Эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд миний эзэн намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.

28. Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр чанга дуугаар—Агуу хаан болон Ассирийн хааны үгсийг сонсогтун.

29. Хаан ийн хэлж байна. “Хезекиад бүү мэхлэгдэгтүн. Учир нь тэр та нарыг миний гараас аварч чадахгүй.

30. Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор.

31. Хезекиаг бүү сонс. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. «Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 18