Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 18:13-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.

14. Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, “Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг шаарджээ.

15. Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.

16. Тэр үед Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалгануудаас болон өөрийн бүрүүлсэн босгонуудаас алтыг нь хуулж, Ассирийн хаанд өгөв.

17. Дараа нь Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд явсаар ирээд, угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

18. Тэд хааныг дуудахад, Хилкиагийн хөвгүүн ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар тэдэн уруу гарч очив.

19. Рабшаке тэдэнд—Одоо Хезекиад хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан ийн хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?

20. Чи хэлэхдээ (гэвч эдгээр нь зөвхөн хоосон үгс юм) ”Дайтахын тулд надад зөвлөгөө болон хүч бий” гэдэг билээ. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлсэн бэ?

21. Одоо харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдэд ингэж ханддаг.

22. Харин чи надад “Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгэдэг” гэж хэлж байгаа юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда болон Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?

23. Тийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хий. Хэрвээ чи өөрөөсөө хангалттай хүмүүсийг гаргаж чадах юм бол би чамд тэдний унах хоёр мянган морийг өгье.

24. Тэгвэл чи миний эзний боолуудын дотроос хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 18