Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 18:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн гурав дахь жилд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа нь хаан болов.

2. Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв.

3. Тэр өөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.

4. Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, ариун баганануудыг хэмхлэн, Ашерагийн шонгуудыг цавчин хаяжээ. Тэр бас Мосегийн хийсэн зэс могойг жижиглэн буталжээ. Учир нь тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд тэрхүү зэс могойд утлага уугиулж байсан юм. Тэр нь Нехуштан гэгддэг байв.

5. Тэрээр Израилийн Бурхан болох ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм.

6. Учир нь тэрээр ЭЗЭНээс зуурч байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахижээ.

7. ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хааны эсрэг тэрслэн, түүнд үйлчилсэнгүй.

8. Тэрээр Газ болон түүний газар нутгийг хүртэл, харуулын цамхгаас эхлэн бэхлэгдсэн хотыг хүртэл филистчүүдийг ялав.

9. Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долоо дахь жилд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, түүнийг бүслэн авав.

10. Гурав дахь жилийн шувтаргаар тэд уг хотыг эзлэв. Хезекиагийн зургаа дахь жил буюу Израилийн хаан Хошеагийн ес дэх жилд Самари эзлэгджээ.

11. Тэгээд Ассирийн хаан израильчуудыг цөллөгт авч явж, тэднийг Хала болон Гозаны гол Хаборт, мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.

12. Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.

13. Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.

14. Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, “Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг шаарджээ.

15. Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.

16. Тэр үед Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалгануудаас болон өөрийн бүрүүлсэн босгонуудаас алтыг нь хуулж, Ассирийн хаанд өгөв.

17. Дараа нь Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд явсаар ирээд, угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

18. Тэд хааныг дуудахад, Хилкиагийн хөвгүүн ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар тэдэн уруу гарч очив.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 18