Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 17:5-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самари уруу очиж, түүнийг гурван жил бүсэлжээ.

6. Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.

7. Энэ нь Израилийн хөвгүүд өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,

8. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн болон Израилийн хаадын бий болгосон ёс заншлуудаар явснаас болсон юм.

9. Израилийн хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдсэн билээ. Бүх сууриндаа харуулын цамхгаас эхлээд бэхлэгдсэн хот хүртэл тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм.

10. Тэд өөрсдөдөө зориулан бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор багананууд ба ашерагийн шонгуудыг босгож,

11. тэндээ тэдний өмнөөс ЭЗЭНий цөлөн авч явсан үндэстнүүд шиг тэд бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулав. Тэд ЭЗЭНийг өдөөн бузар муу зүйлс хийв.

12. ЭЗЭНий тэдэнд “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж айлдсан шүтээнүүдэд тэд үйлчлэв.

13. Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж,—Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдаж байв.

14. Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгээгүй эцэг өвгөд шигээ хүзүүгээ хатууруулсан билээ.

15. Тэд Түүний тогтоолууд, эцэг өвгөдтэй нь ЭЗЭНий байгуулсан гэрээ болон Тэр тэдэнд анхааруулж байсан Түүний сануулгуудаас татгалзжээ. Эдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭН өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй үндэстнүүдийн араас буюу хоосон юмыг тэд даган явж, өөрсдөө хоосон болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 17