Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 17:32-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тэдний төлөө үйлдэж байсан мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов.

33. Тэд ЭЗЭНээс эмээхийн хамт цөллөгт ирэхээс өмнөх өөрсдийн үндэстнийхээ ёс заншлын дагуу өөрсдийн бурхаддаа ч мөн үйлчилж байв.

34. Энэ өдрийг хүртэл тэд эртний ёс заншлынхаа дагуу үйлдэж ирлээ. Тэд ЭЗЭНээс ч эмээхгүй, өөрсдийн тогтоол, өөрсдийн зарлиг, хууль, эсвэл ЭЗЭНий Израиль хэмээн нэрлэсэн Иаковын хөвгүүдэд Түүний тушаасан тушаалуудыг ч тэд дагадаггүй.

35. ЭЗЭН тэдэнтэй гэрээ байгуулан, тэдэнд тушаан “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд мэхийж, тэдэнд үйлчилж, тэдэнд тахил өргөж болохгүй.

36. Харин агуу их хүчээр болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн.

37. Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалуудыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээгтүн.

38. Би та нартай байгуулсан гэрээг та нар мартаж ч болохгүй, өөр бурхдаас эмээж ч болохгүй.

39. Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээх ёстой. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.

40. Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн эртний заншлын дагуу үйлджээ.

41. Ийнхүү эдгээр үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн хажуугаар өөрсдийн шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар ч мөн адил өөрсдийн эцэг өвгөдийн үйлдлийг даган, өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 17