Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 17:14-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгээгүй эцэг өвгөд шигээ хүзүүгээ хатууруулсан билээ.

15. Тэд Түүний тогтоолууд, эцэг өвгөдтэй нь ЭЗЭНий байгуулсан гэрээ болон Тэр тэдэнд анхааруулж байсан Түүний сануулгуудаас татгалзжээ. Эдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭН өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй үндэстнүүдийн араас буюу хоосон юмыг тэд даган явж, өөрсдөө хоосон болжээ.

16. Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан, өөрсдөдөө зориулан цутгасан хөргүүд болох хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв.

17. Тэд өөрсдийн хөвгүүд, охидоо гал дундуур гаргаж, мэргэ төлөг, илбэ шидийг хэрэгжүүлж, ЭЗЭНийг өдөөн Түүний мэлмийд бузар мууг үйлдэхээр өөрсдийгөө худалдав.

18. Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан, тэднийг Өөрийн мэлмийнээс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй.

19. Иуда ч мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалуудыг сахилгүй, харин Израилийн бий болгосон ёс заншлаар явав.

20. ЭЗЭН Израилийн бүх үр удмыг үгүйсгэж, тэднийг Өөрийн мэлмийнээс зайлуулах хүртлээ тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.

21. Тэрээр Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Дараа нь Иеробоам Израилийг ЭЗЭНийг дагахаас холдуулж, тэднээр асар том нүгэл үйлдүүлэв.

22. Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглүүд дотор явжээ. Тэд тэдгээрээс салсангүй.

23. Эцэст нь Өөрийн бүх боол эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийнээс зайлуулжээ. Тиймээс Израиль нь өөрсдийн эх нутгаас Ассири уруу энэ өдрийг хүртэл цөллөгт аваачигдсан билээ.

24. Ассирийн хаан хүмүүсийг Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефар-ваимаас авчран, Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Ингээд тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав.

25. Тэд тэндээ амьдарч эхлэхдээ ЭЗЭНээс эмээж байгаагүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн, тэднээс заримыг нь үхүүлэв.

26. Иймээс тэд Ассирийн хаанд хандан айлтгахдаа—Самарийн хотуудад таны цөлөн аваачсан үндэстнүүд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүй байна. Иймээс тэр бурхан тэдний дунд арслангуудыг илгээж, харагтун, тэд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж тэр арслангууд тэднийг алж байна гэв.

27. Тэгэхэд Ассирийн хаан—Цөллөгт авч явсан тахилч нарын нэгийг тийшээ авч, түүнийг явуулан тэнд амьдруул. Тэр тэдэнд тэр газрын бурхны ёс заншлыг заан сургаг гэж тушаав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 17