Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 14:2-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддин гэдэг байв.

3. Тэр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч өвөг эцэг Давид шиг байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв.

4. Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв.

5. Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав.

6. Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой” гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр цаазалсангүй.

7. Тэрээр Давст Хөндийд арван мянган едомчуудыг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел хэмээн нэрлэв.

8. Дараа нь Амазиа Иехүгийн ач Иехоахазын хүү Израилийн хаан Иехоашт элч нарыг илгээн,—Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя хэмээв.

9. Израилийн хаан Иехоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн—Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ.

10. Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.

11. Гэвч Амазиа сонссонгүй. Ингээд Израилийн хаан Иехоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав.

12. Иуда Израильд ялагдан тэдний хүн бүр өөр өөрийн майхан уруугаа зугтаажээ.

13. Тэгээд Израилийн хаан Иехоаш Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман Хаалганаас Булангийн Дааман Хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.

14. Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.

15. Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

16. Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид оршуулагдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 14